Apple компанийн энэ онд танилцуулах ухаалаг гар утас нь өмнөх загваруудаас өөр байх сурагтай. Сүүлийн хэдэн сарын хугацаанд тус бүтээгдэхүүнтэй холбоотой элдвийн л цуу яриа, бор шувуу жиргэсэн. Шинэ цувралд "iPhone 17 Plus" бус цоо шинэ "iPhone 17 Air" гэх модель нэмэгдэж, хамгийн нимгэн "iPhone"-ийг танилцуулах гэнэ. Ерөнхийдөө Apple компани том, өргөн биш нимгэн, хөнгөн гэх жанжин шугамыг баримталж эхлэх шиг. Үүнийгээ ч удахгүй танилцуулах бүтээгдэхүүнийхээ баттерей, дизайнаас харуулна.
Шинэ "iPhone 17 Air" модель нь цувралын бусад моделиудаасаа тэс өөр байх агаад олон нийтийн сүлжээнд ч зураг нь цацагдаж эхлэв. Х дээр нэгэн хэрэглэгч "iPhone 17 Air" моделийн дараах зургийг хуваалцжээ.
Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар "Air" загвар нь 6 мм орчим зузаантай байна гэсэн бол өөр нэгэн эх сурвалжид 5.5 мм бол тус бүтээгдэхүүний байж болох хамгийн нимгэн цэг гэжээ.
Apple компанийн өдийг хүртэлх худалдаанд гаргасан бүтээгдэхүүнүүд дундаас хамгийн нимгэн нь 5.1 мм-ийн 2024 оны iPad Pro билээ.
Жингийн тухайд 7000 цувралын хөнгөн цагаан ашиглах тул 25-30 грамм байж магадгүй. Хэрэв ийм бага жинтэй байж чадвал өнөөгийн хамгийн хөнгөн гэх спорт титан хүрээтэй Samsung-ийн "Galaxy S25 Edge" гар утаснаас ч хөнгөн болно.
Бусад техникийн мэдээллийг нь харвал 35 грамм 6.6-6.7 инч "OLED" дэлгэцтэй, 5-7 грамм 48MP ганц камертай, 10-12 грамм А19 чипээр тоноглосон эх хавтантай, 35 грамм баттерейтэй, 15 грамм шилэн артай байх шуум гарчээ. Нийт жин л гэхэд 145-150 грамм байх боломжтой.